Sunday, April 1, 2012

Үнэний эрэлд


Дээд хүчит  мөнх тэнгэр
Дэргэдэх  хаадуудтайгаа хэлэлцэж 
Хумхийн тооснуудыг илбэдэн шившэж
Хөвчин дэлхийг бүтээсэн гэлтэй 
Хамаг бүхний эзэн,  хүчит мөнх тэнгэр
Хажуу дахь түшмэдүүдтэйгээ хэлэлцэж
Хэрэг болгон зарлиг буулгаж
Хөрс  дэлхийг мутарласан гэлтэй...
Төрүүлсэн хаадуудынхаа тус дэмээр
Түмэн янзын сүнсэн биэтүүд
Өвөр хоорондоо өрсөлдөн байж
Өнгөт орчлонд төрөл өө олдог байх 
Магадгуй   тэдгээр  хаадууд нь ч гэсэн 
Мөнх  тэнгэр  эзэндээ таалал олох гэж 
Эвсэж хоорондоо  нэгддэг  байх, эсвэл
Тэрсэж  бие биетэйгээ тэмцэлддэг байх... 
Хүмүүн заяаг эзэн тэнгэр таалсан гэлтэй
Хүсэл мөрөөдөлийнх нь нэг ч байж болох 
Хайр энэрэл ээ харуулсан ч байж болох  
Хачирхаж сонжсон туршилт ч байж болох  
Аль нь ч байсан  нууцыг бид мэдэх эрхгүй , эс бол 
Амьдрал  утга аа алдаж, бид төрөх шаардлагагүй  
Дээд тэнгэр биднийг ивээсэн учир нь 
Дээдэсүүд минь биднээс төрдөг гэж найднам
Хүчит тэнгэрийн хойморт заларах
Хүндтэй хаадынх нь нэг гэж итгэнэм... 
Хорвоогийн  эзэн мэт дураар аашилж
Хүмүүс өөрсдийгөө шүтэх болжээ  
Хатан дэлхийг дур мэдэн эзэгнэж 
Хашаа хороо хатгалцаж эхэлжээ
 Хөрст  дэлхийг хөндийлөн сэндийлж
Араатан амьтадыг алж устган 
Дур хүсэл , шунал аа хангах гэж
Тэвчишгүй авир аашийг гаргадаг гэлтэй
Үр удам аа үлдээх  үүрэг ээ умартан
Үүрээ устган, үндэс мөчир өө тасдан байж
Өндөр дээд тэнгэрээс илүүтэй
Өөрсдөө тэд өөр нэгэн гариг бүтээх гэж
Өдөр шөнөгүй улайран тэмцэлддэг гэлтэй  
Үхэл л тэднийг  инээмсэглэн угтаж  
Өчигдөрөөс бид ухаантай байгаагүйг
Үлгэр болгон бидэнд үлдээдэг байх 
Үлэмж гэгээрлийг олсон онгодууд 
Өршөөлт эзэнээсээ бидний өмнөөс
Өдөр бүр уйлан залибарцгааж  
Өршөөл эрэн сөхөрдөг байх  
Эргэж бидэнтэй уулзах гэж 
Элч улаачдаа сонгодог байх
Үнэний эрэлд хатах зовлонд
Өөрсдөө л бид унацгаадаг байх 
Өршөөлт тэнгэр хүмүүнийг уучил 
Өнөөдөрөөс эхлэн учиртай амьдрая...

No comments:

Post a Comment